Надад гунигтай байхыг нь харахыг хүсдэггүй нэг хүн бий.
Нартай хамт мишээж байхыг нь харахыг хүсдэг...
Бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог.
Дэндүү сайн найзууд юм уу гэвэл үгүй.
Найзууд хэрэг үү гэж асуувал бас л эргэлзээтэй...сэтгэлийн дэм хэрэгтэй үед ямагт байж байх тийм л хүн.
Бидний ярилцдаг зүйлс хоёр гурван сэдвийг тойрон эргэлддэг бидний сэтгэлд орших тэр орон зай бодит амьдралын багахан зайг эзэлдэг.
Тэр л орон зайд бид хоёр нэг нэгнээсээ хэзээ ч салшгүй, нэг нэгнээ хэтэрхий сайн мэдэх найзууд байдаг.
Тэнд биднээс өөр хэн ч үгүй
Тэнд бас бид хоёр баяртай
тэнд бас бид хоёр ууртай эсвэл
тэнд хэн хэн маань ч байдаггүй...
Ганцаардсан, сэтгэл шаналсан орой бүрхэг санагдсан амьдралыг давах хүчийг бие биендээ өгдөг бас хуваалцдаг. Тэр орон зайд л бидний доторх би уулзаж тэнд л бас бидний баг хуулардаг гэж би боддог.
Нэгэн хэсэг түүнд би дурлаж байлаа бүр харамлаж ч явлаа.
Нэг хэсэг тэр бүр надад ус агаар шиг хэрэгтэй болчихсон байсан.
Нэгэн хэсэг тэр бид хоёр бие биенийгээ мартчихсан байсан.
Тааралдах бүрдээ танихгүй танилууд шиг өнгөрдөг ч бидний байх нэгэн орон зай байсаар байгаа гэдгийг мэддэг.
Бид ярилцдаггүй шахуу.
Магадгүй ганц хоёр үг өгүүлбэр хэлэлцдэг.
Энэ нь хангалттай бас хамаагүй амар.
Бидний амьдрал хэн нэгнээсээ огтхон ч хамааралгүй өрнөдөг.
Бид амьдралаа бие биендээ тайлагнадаггүй.
Бодит амьдрал дээр бусдаас ангид бие биенээсээ ч холуур өнгөрдөг.
Байгаа гэдгийг нь, сайн гэдгийг нь мэдсэн байхад болчихдог.
Болохгүй бүтэхгүй байгааг нь хараад мэдчихдэг бас санаа зовчихдог.
Бид ийм л хүмүүс.
Өөр өөрийн ертөнцдөө тусгаар оршдог танихгүй танилууд
Өрөөл бусдаас хамааралгүй оршдог
Өөр нэгэн ертөнцтэй найзууд.
Ari.